Би зүгээр л байж байгаад...

Би зүгээр л байж байгаад...

3/21/2008

Хавар бид хоёр


Хавар бид хоёр ханилаад олон жилийг үджээ. Одоо ингээд хавар ирлээ гэхээр өнөө л шороо тоос шавар шавхай болсон дүртэй, мөн нялх шинэхэн ногооны үнэр хамар сэнгэнүүлж борооны чийг үнэртүүлсэн хуучин андтайгаа уулзаж байгаа ч юм шиг. Жилийн жилд л ирэхдээ бахь байдгаараа, харин манай хотын өөрчлөгдөж байгааг хэл амаа ээдрэлдүүлэн гайхаж энд тэндхийн сонин хачныг сонирхуулах бөгөөд бас болоогүй, энэ хотынхоо утааг багасгахгүй бол болохоо байлаа, эсвэл "манан дундах хот" гээд нэрлэчихвэл таарна хэмээн шоолох шоглохын хооронд нэлээн хэдэн нөхөрсөг зөвлөгөө өгнө...
Нартай өдрийнх нь салхи нь хүртэл сэрүүн байдаг болохоор хавар гэдэг хахир хатуу ааштай өвөл өвгөний охин нь ч юм шиг, салхитай өдрийнх нь сүүдэр нь хүртэл бүлээн байдаг болохоор хавар гэдэг зөөлөн дулаан ааштай налгар зуны эгч нь ч юм шиг. Эсвэл хэнэггүй хээгүй зантай намрын омголон цэрвэгэр бүсгүй нь ч юм уу. Ингэж бодсоор суутал цонхон дээрх цэцэг хавартай мэндчилээд хэдэн сар харуулаагүй улаан дэлбээгээрээ даллаж байгааг хараад гэнэт инээмсгэлэн сууж байгаагаа анзаарлаа. Хавараа гэж, хүнийг...

3/20/2008

Joke

Элбэгээ дарга хөдөө давхиж яваад машин нь онхолдов. Мал хариулж явсан малчин өвгөн дайралдаад оршуулчихаж гэнэ. Хотоос хайсан хүмүүс давхиж иртэл машин онходсон, хүмүүс нь алга. Ойрхон малчин өвөө явж байна гэнэ. - Өвгөн гуай, осолд орсон хүмүүсийг хараагүй биз? - Харахаар барах уу даа. Ах нь бүгдийг нь оршуулсан. - Бүгд нас барчихсан байсан хэрэг үү? - Элбэгээ дарга ч би амьд байна, би амьд байна гээд байсан. Би ч яахав Элбэгээ дарга болсон хойно худлаа бүлтэрч байна гэж бодсон

3/18/2008

Цэргийн баярт зориулж:


Хэнтий аймгийн Баян овоо сумын нутагт орших Талын хөндлөнгийн Цэргийн баазны ул мөр, дурсгалт газрын тухай
А хэсэг
А хэсэгт ойролцоогоор 30 шахам байшингийн суурь байдаг.
Эдгээрээс 3-4 нь олон нийтийн буюу цэргийн сургалт, хурал, хоол эсвэл эмнэлэг гэх мэтэд зориулагдаж байсан болов уу гэж бодохоор том олон цонхтой байшингийн суурь байна. Хамгийн хойд талд нэлээд том 2давхар маш бөх бат хийцтэй, хана нь гэхэд 80-100см зузаан, чулуугаар барьсан том байшин байгаа нь дарга офицер байсан ангийн штабын байр гэж таамаглахаар. Мөн ханан дээр нь Орос хүний нэр бичсэн байсан нь арилаагүй байгаа. Энэ байшин огт нураагүй байгаа. Уг байшингийн дэргэд нутгийн Доржбаасан гэдэг айлынх нөмөрлөж өвөлжсөн байсан. Бусад 20-оод байшингийн суурийг харахад цэргүүдийн казармаг байсан байх гэж бодохоор хийцтэй юм билээ. Мөн зарим байшингийн тал нь газар доор, тал нь дээш гарсан байгаа нь зориуд барьсан нь бусад суурьтай харьцуулахад тодорхой байна.
Б, Г хэсэг
Б,Г хэсэгт том жижиг урт богино маш олон хонхор буюу тэр үед окоп байсан нь тодорхой. Нутгийн хүмүүс нь одоо окоп гэж нэрлэж байна билээ. Барагцаагаар 100-аад окоп байсан байх. Нутгийн өвгөн Арьяа гуай <<би 1972 оноос одоог хүртэл энэ нутагт нутаглаж байна. Тэр үед энд мал ч бэлчээж болдоггүй байлаа. Маш том төмрийн хогтой тэр нь малын хөлийг их гэмтээдэг байсан>> гэж хууч хөөрсөн. Яриад суувал асар их сонин түүх ярих байсан байх.
В хэсэг
В хэсэг нь А, Б хэсгээс хойш ойролцоогоор 8-10км газарт уулын ард дээр нууцлагдмал газар байсан. Энд 10гаруй газар доорх байгууламж байсан. Хоргодох байр, ажлын байр, зэвсгийн агуулах байсан байж болохоор хийцтэй. 1939 онд бол дээрээс хажуугаас харагдахгүй байсан байх. Одоо заримынх нь дээвэр хугасыг нь авчихсан байна билээ. Хананы шохойны өнгө арилаагүй маш цэвэр, мөн ханан дээр нь зураг байсан. Таазан дээр, ханан дээр гэрлийн утасны шаазан дамар харагдаж байсан. Зарим хорогдох байр нь газрын түвшнээс доош 7-8 метр гүнзгий ямар ч хаалга байхгүй 7x6кв/м талбайтай тэгш хадан ханатай байсан.
Миний харсан газар доорхи бүх байгууламж нь доош ойролцоогоор 6метр гүн байсан. Мөн байгууламж бүхэн хоорондоо холбооны буюу цахилгааны кабель утсаар холбоотой байсан ул мөр байгаа. Тугалга зэс, төмрийг нь худалдах зорилгоор утсыг нь бүгдийг нь ухаад авчихсан нь шуудуу нүх үлдсэн байсан. Би Өндөрхаан хотод төрж өссөн боловч Талын хөндлөнд очиж байгаагүй. Аймгаас Баян-Овоо сум очих ирэхэд холоо талд хэдэн байшин харагдаж л байдаг байсан. Одоо бодож байхад халх голын байлдаантай холбоотой энэ том байгууламжын тухай тодорхой бичсэн зүйлийг сурах бичиг болон түүхийн холбогдолтой номуудаас олж уншаагүй юм байна. Аймаг сумын иргэд ерөнхийдөө мэдэх байх, улс орон даяар сурталчлах хэрэгтэй гэж бодож байна. Сая 2008 оны 3-р сарын 6-нд Талын хөндлөнд очоод үнэхээр гайхсан. Бага байхад ээж <<талын хөндлөнгөөс онгоц нисээд Халх голд очоод байлдааны ажиллагаа явуулаад орой нь буцаж ирдэг байсан гэж, буцаж ирэхдээ олон шархтай цэрэг авчирдаг>> тухай хэлж байсныг санаж байна. Ээж маань мөн л хүнээс сонссоноо хэлдэг байсан. Харамсалтай нь тэр талд одоо 1,5метр өндөр 2 ширхэг төмөр хөшөө л байдаг... Нутгийн хүмүүсийн хэлснээр хааяа хөшөөн дээр ганц нэг орос хүн ирж цэцэг өргөөд явдаг гэсэн шүү. Халхын голын байлдаанд ялалт байгуулахад асар их нөлөөтэй цэргийн ард талын баазын ул мөр, дурсгалт байгууламж устаж үгүй болохоос нь өмнө хойч үедээ сурталчилж таниулах хэрэгтэй байна. Ялангуяа Оросын ард түмэнд хүргэвэл маш сайн байна. Хулгайчууд тэр хөшөөг нь ачиж аваачаад төмөрт тушаачихвал манай эх орны тусгаар тогтнолын төлөө маш олон эрэлхэг хөвгүүдийнхээ амь биеийг өгсөн хөрш улсынхаа ард түмэнд юу гэж тайлбарлах вэ! Энд тэнд баахан сүм суварга босгож тахиж байхаар уг хөшөөг өргөтгоод сум орон нутгийн хамгаалалтанд авмаар байна.

3/16/2008

Шүлгийн chart

Доор шүлгүүдийн нэг нэг бадгийг бичсэн байгаа. Та бүхэн уншиж сонирхоод саналаа өгнө үү. 7хоногийн дараа түрүүлсэн шүлгийг бүрэн эхээр нь нийтлэх болно.

9. Залуусын үг

... Бид цусаараа сольж амиараа даатгасан өвгөдийнхөө нутаг
Эх орон Монгол улсынхаа...

8. Би нисдэг

Үүрэглэх тэнгэрийн хязгаар
Үүлсийн цэнхэр далайгаар би нисдэг
Үүрдийн бадамлах алтан зул
Үгүйрлийн туйл огторгуйгаар нисдэг
Би нисдэгээ...

8. Би өөриигөө том гэж боддон байжээ

Би өөриигөө том гэж боддон байжээ...

7. Болзоо

Нойтон гудмаар бүсгүй хүн алхална
Намайг чиглэн хөнгөхөн алхална
Нимгэн уруул нь үл мэдэг хөдлөнө
Нисэх мэт тэр бүсгүй дуу аялан алхална...

6.

Хууль зүйн яамнаас хориглосон тул хасав

5. Чи,

Чи, чимээгүй урсах бодол минь
Чи, чинэрэн догдлох зүрх минь
Чи, чамд өгсөн миний сэтгэл
Чи, чагнаж боломгүй эмзэг аялгуу...

4. Үглэл

Найзыгаа алдмааргүй байна
Гэвч би чамд одоо хамаагүй болсон
Гэнэн сэтгэлээр үерхэж явсан ч
Гэмгүй сайхан нөхөрлөж явсан ч
Найр тавьж хайраа бас алдмааргүй ...

3. Хайрын тухай

Хайрын тухай шүлэг бичье
Хайртайгаа учирсан хүн бүхэнд зориулъя
Дурлалын тухай шүлэг бичье
Дурлаж үзсэн хүн бүхэнд ...

2.

Цээжний минь гүнд
Гүрэлзэн лугшин
Дотогшоогоо урсах нулимс минь чи дурлал
Эмзэг сэтгэлийг минт сэвтээн хорсгогч
Эзэрхэг ...

1. Дурлахыг би хүснэ

Дурлахыг би хүснэ
Дундуур сэтгэлээ дүүргэе гэж
Хайрлахыг би хүслээ
Хүйтэн зүрхээ бүлээцүүлье гэж
Хэн нэгэнд дурлахыг хүслээ...