Би зүгээр л байж байгаад...

Би зүгээр л байж байгаад...

3/18/2008

Цэргийн баярт зориулж:


Хэнтий аймгийн Баян овоо сумын нутагт орших Талын хөндлөнгийн Цэргийн баазны ул мөр, дурсгалт газрын тухай
А хэсэг
А хэсэгт ойролцоогоор 30 шахам байшингийн суурь байдаг.
Эдгээрээс 3-4 нь олон нийтийн буюу цэргийн сургалт, хурал, хоол эсвэл эмнэлэг гэх мэтэд зориулагдаж байсан болов уу гэж бодохоор том олон цонхтой байшингийн суурь байна. Хамгийн хойд талд нэлээд том 2давхар маш бөх бат хийцтэй, хана нь гэхэд 80-100см зузаан, чулуугаар барьсан том байшин байгаа нь дарга офицер байсан ангийн штабын байр гэж таамаглахаар. Мөн ханан дээр нь Орос хүний нэр бичсэн байсан нь арилаагүй байгаа. Энэ байшин огт нураагүй байгаа. Уг байшингийн дэргэд нутгийн Доржбаасан гэдэг айлынх нөмөрлөж өвөлжсөн байсан. Бусад 20-оод байшингийн суурийг харахад цэргүүдийн казармаг байсан байх гэж бодохоор хийцтэй юм билээ. Мөн зарим байшингийн тал нь газар доор, тал нь дээш гарсан байгаа нь зориуд барьсан нь бусад суурьтай харьцуулахад тодорхой байна.
Б, Г хэсэг
Б,Г хэсэгт том жижиг урт богино маш олон хонхор буюу тэр үед окоп байсан нь тодорхой. Нутгийн хүмүүс нь одоо окоп гэж нэрлэж байна билээ. Барагцаагаар 100-аад окоп байсан байх. Нутгийн өвгөн Арьяа гуай <<би 1972 оноос одоог хүртэл энэ нутагт нутаглаж байна. Тэр үед энд мал ч бэлчээж болдоггүй байлаа. Маш том төмрийн хогтой тэр нь малын хөлийг их гэмтээдэг байсан>> гэж хууч хөөрсөн. Яриад суувал асар их сонин түүх ярих байсан байх.
В хэсэг
В хэсэг нь А, Б хэсгээс хойш ойролцоогоор 8-10км газарт уулын ард дээр нууцлагдмал газар байсан. Энд 10гаруй газар доорх байгууламж байсан. Хоргодох байр, ажлын байр, зэвсгийн агуулах байсан байж болохоор хийцтэй. 1939 онд бол дээрээс хажуугаас харагдахгүй байсан байх. Одоо заримынх нь дээвэр хугасыг нь авчихсан байна билээ. Хананы шохойны өнгө арилаагүй маш цэвэр, мөн ханан дээр нь зураг байсан. Таазан дээр, ханан дээр гэрлийн утасны шаазан дамар харагдаж байсан. Зарим хорогдох байр нь газрын түвшнээс доош 7-8 метр гүнзгий ямар ч хаалга байхгүй 7x6кв/м талбайтай тэгш хадан ханатай байсан.
Миний харсан газар доорхи бүх байгууламж нь доош ойролцоогоор 6метр гүн байсан. Мөн байгууламж бүхэн хоорондоо холбооны буюу цахилгааны кабель утсаар холбоотой байсан ул мөр байгаа. Тугалга зэс, төмрийг нь худалдах зорилгоор утсыг нь бүгдийг нь ухаад авчихсан нь шуудуу нүх үлдсэн байсан. Би Өндөрхаан хотод төрж өссөн боловч Талын хөндлөнд очиж байгаагүй. Аймгаас Баян-Овоо сум очих ирэхэд холоо талд хэдэн байшин харагдаж л байдаг байсан. Одоо бодож байхад халх голын байлдаантай холбоотой энэ том байгууламжын тухай тодорхой бичсэн зүйлийг сурах бичиг болон түүхийн холбогдолтой номуудаас олж уншаагүй юм байна. Аймаг сумын иргэд ерөнхийдөө мэдэх байх, улс орон даяар сурталчлах хэрэгтэй гэж бодож байна. Сая 2008 оны 3-р сарын 6-нд Талын хөндлөнд очоод үнэхээр гайхсан. Бага байхад ээж <<талын хөндлөнгөөс онгоц нисээд Халх голд очоод байлдааны ажиллагаа явуулаад орой нь буцаж ирдэг байсан гэж, буцаж ирэхдээ олон шархтай цэрэг авчирдаг>> тухай хэлж байсныг санаж байна. Ээж маань мөн л хүнээс сонссоноо хэлдэг байсан. Харамсалтай нь тэр талд одоо 1,5метр өндөр 2 ширхэг төмөр хөшөө л байдаг... Нутгийн хүмүүсийн хэлснээр хааяа хөшөөн дээр ганц нэг орос хүн ирж цэцэг өргөөд явдаг гэсэн шүү. Халхын голын байлдаанд ялалт байгуулахад асар их нөлөөтэй цэргийн ард талын баазын ул мөр, дурсгалт байгууламж устаж үгүй болохоос нь өмнө хойч үедээ сурталчилж таниулах хэрэгтэй байна. Ялангуяа Оросын ард түмэнд хүргэвэл маш сайн байна. Хулгайчууд тэр хөшөөг нь ачиж аваачаад төмөрт тушаачихвал манай эх орны тусгаар тогтнолын төлөө маш олон эрэлхэг хөвгүүдийнхээ амь биеийг өгсөн хөрш улсынхаа ард түмэнд юу гэж тайлбарлах вэ! Энд тэнд баахан сүм суварга босгож тахиж байхаар уг хөшөөг өргөтгоод сум орон нутгийн хамгаалалтанд авмаар байна.

1 comment:

Anonymous said...

minii naiz sain yum hiijee. oyunii bolood medlegt heregtei zuils bna
ulamihiig hiigeerei gj husey
Sharav