Би зүгээр л байж байгаад...

Би зүгээр л байж байгаад...

3/21/2008

Хавар бид хоёр


Хавар бид хоёр ханилаад олон жилийг үджээ. Одоо ингээд хавар ирлээ гэхээр өнөө л шороо тоос шавар шавхай болсон дүртэй, мөн нялх шинэхэн ногооны үнэр хамар сэнгэнүүлж борооны чийг үнэртүүлсэн хуучин андтайгаа уулзаж байгаа ч юм шиг. Жилийн жилд л ирэхдээ бахь байдгаараа, харин манай хотын өөрчлөгдөж байгааг хэл амаа ээдрэлдүүлэн гайхаж энд тэндхийн сонин хачныг сонирхуулах бөгөөд бас болоогүй, энэ хотынхоо утааг багасгахгүй бол болохоо байлаа, эсвэл "манан дундах хот" гээд нэрлэчихвэл таарна хэмээн шоолох шоглохын хооронд нэлээн хэдэн нөхөрсөг зөвлөгөө өгнө...
Нартай өдрийнх нь салхи нь хүртэл сэрүүн байдаг болохоор хавар гэдэг хахир хатуу ааштай өвөл өвгөний охин нь ч юм шиг, салхитай өдрийнх нь сүүдэр нь хүртэл бүлээн байдаг болохоор хавар гэдэг зөөлөн дулаан ааштай налгар зуны эгч нь ч юм шиг. Эсвэл хэнэггүй хээгүй зантай намрын омголон цэрвэгэр бүсгүй нь ч юм уу. Ингэж бодсоор суутал цонхон дээрх цэцэг хавартай мэндчилээд хэдэн сар харуулаагүй улаан дэлбээгээрээ даллаж байгааг хараад гэнэт инээмсгэлэн сууж байгаагаа анзаарлаа. Хавараа гэж, хүнийг...

1 comment:

Anonymous said...

saihan uguulel bna